Хосеа

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14


-Reset+

Бүлэг 1

1 1. Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз ба Хезекиа нарын өдрүүдэд хийгээд Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд Беерийн хүү Хосеад ирсэн ЭЗЭНий үг энэ болой.
2 ЭЗЭН Хосеагаар дамжуулан анх айлдсан үед ЭЗЭН Хосеад—Яв, өөртөө завхай эхнэрийг авч, завхай хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисоор, эрээ цээргүй завхайрлыг үйлдэж байна гэв.
3 Тиймээс тэр явж, Диблаимын охин Гомерыг авлаа. Гомер жирэмслэн, түүнд хүүг төрүүлжээ.
4 ЭЗЭН Хосеад хандан—Түүнийг Иезреел хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехугийн гэрийг шийтгэж, Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно.
5 Тэр өдөрт Би Иезреелийн хөндийд Израилийн нумыг хугална хэмээжээ.
6 Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. ЭЗЭН Хосеад—Тэр охиныг Ло-рухама хэмээн нэрлэ. Учир нь Би Израилийн гэрийг цаашид өрөвдөхгүй, тэднийг хэзээ ч уучлахгүй.
7 Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэдгээрийг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭНээр аврах бөгөөд тэднийг нум, илд, тулаан, морьд, эсвэл морьтнуудаар аврахгүй хэмээв.
8 Ло-рухамаг хөхнөөс гарах үед Гомер дахин жирэмслэн хүү төрүүлжээ.
9 ЭЗЭН айлдсан нь—Түүнийг Ло-амми хэмээн нэрлэ. Учир нь та нар Миний ард түмэн биш бөгөөд Би та нарын Бурхан биш гэв.
10 Гэсэн ч Израилийн хөвгүүдийн тоо нь далайн элс мэт хэмжиж,тоолохын аргагүй байх болно.“Та нар Миний ард түмэн биш” хэмээн тэдэнд хэлсэн газарт“Та нар амьд Бурханы хөвгүүд” хэмээн тэдэнд хэлэх болно.
11 Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд хамтдаа цугларч,өөрсдөдөө нэг удирдагчийг томилон, тэр газраас явах болно.Учир нь Иезреелийн өдөр нь агуу байх юм.


Бүлэг 2

1 1. Ах дүү нартаа “Амми” гэж, эгч дүү нартаа “Рухама” хэмээн хэл.
2 “Тэмцэлд, эхтэйгээ тэмцэлд.Учир нь тэр бол миний эхнэр биш, Би түүний нөхөр биш.Түүний нүүрнээс завхайрлыг зайлуулж,хөхнийх нь хоорондоос садар самууныг нь арилга.
3 Эс тэгвэл Би түүнийг нүцгэлэн,анх мэндэлсэн өдрийнх шиг нь түүнийг ил гаргана.Би бас түүнийг цөл мэт, зэлүүд газар мэт болгон, цангааж алах болно.
4 Бас Би түүний хүүхдүүдийг өрөвдөхгүй.Яагаад гэвэл тэд завхай хүүхдүүд юм.
5 Учир нь тэдний эх завхайрсан.Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ.Учир нь тэр «Надад миний талх, миний усыг ба миний ноос, миний маалинга ба миний тос, миний дарсыг өгдөг нууц амрагуудынхаа араас би явна» гэж хэлжээ.
6 Тэгэхээр харагтун, Би түүний замыг үүргэнээр шивээлж,тэр өөрийн жимийг олж чадахгүй болтол Би түүний эсрэг хана босгоно.
7 Тэр нууц амрагуудаа мөшгөн дагавч тэднийг гүйцэхгүй.Тэрээр тэднийг хайх боловч тэднийг олохгүй.Тэгээд тэр эм «Би өөрийнхөө анхны нөхөр уруу буцан явна.Учир нь миний хувьд одоогийнхоос тэр үед илүү сайн байсан» гэх болно.
8 Учир нь түүнд үр тариа, шинэ дарс ба тосыг өгч,түүний дээр мөнгө, алтыг арвижуулсан нь Би байсан гэдгийг тэр эм мэддэггүй.Харин тэд тэдгээрийг Баалд зориулан ашигласан.
9 Тэгэхээр ургац хураах үед нь Би Өөрийн үр тариаг буцаан авч,улирал нь болоход Өөрийн шинэ дарсыг буцаах болно.Бас түүний нүцгэн биеийг халхлахаар өгөгдсөн Өөрийн ноос ба Өөрийн маалингыг Би авч явах болно.
10 Тэгээд Би түүний нууц амрагуудын нүдэн дээр түүний бузар явдлыг ил гаргах бөгөөдхэн ч түүнийг Миний мутраас аврахгүй.
11 Бас түүний бүх цэнгэл, найр наадам,түүний шинэ сарууд, амралтын өдрүүд ба түүний бүх баярын чуулгануудыг Би эцэс болгоно.
12 «Миний нууц амрагуудын надад өгсөн миний хөлс бол эдгээр юм» хэмээн өгүүлэх тэр эмийн усан үзмийн ба инжрийн моддыг Би сүйтгэх болно.Би тэдгээрийг ой болгож, хээрийн араатнууд тэдгээрийг цөлмөх болно.
13 Бас Баалуудын өдрүүдийн төлөө Би түүнийг шийтгэх болно.Тэрээр тэдгээрт тахил өргөж ээмэг, эрдэнээр өөрийгөө гоёж чимэн,нууц амрагуудаа даган явсаар Намайг мартсан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
14 “Тэгэхээр харагтун, Би түүнийг уруу татан цөлд авчраад,түүнтэй эелдгээр ярих болно.
15 Дараа нь тэндээс Би түүнд түүний усан үзмийн цэцэрлэгийг мөн Ахорын хөндийг найдварын хаалга болгон өгнө.Тэрээр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг Египетийн газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно.
16 Тэр өдөр чи Намайг «Миний нөхөр» гэж дуудан,цаашид «Миний Баал» гэж дуудахгүй” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна.
17 “Учир нь Би түүний амнаас Баалуудын нэрсийг арилгах бөгөөдтэгснээр хойшид тэд өөрсдийнхөө нэрээр дурдагдахгүй.
18 Тэр өдөрт Би бас тэдний төлөө хээрийн араатнууд, огторгуйн шувууд ба газрын мөлхөгч амьтадтай гэрээ байгуулах болно.Би нум, илд ба дайныг энэ газраас халах бөгөөд тэднийг аюулгүй хэвтүүлнэ.
19 Би чамтай мөнхөд сүй тавина.Тийм ээ, Би зөвт байдал, шударга ёс, хайр энэрэл, өршөөлөөр чамтай сүй тавина.
20 Би чамтай итгэмжит байдал дотор сүй тавина.Тэгээд чи ЭЗЭНийг мэдэх болно.
21 Тэр өдөрт Би хариу өгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Би тэнгэрүүдэд хариу өгч, тэдгээр нь газарт хариу өгнө.
22 Газар нь үр тариа, шинэ дарс, тосонд хариу өгч, тэдгээр нь Иезреелд хариу өгнө.
23 Би Өөрийнхөө төлөө энэ газарт түүнийг тариалах болно.Би бас өршөөгдөөгүй түүнийг өрөвдөж,Миний ард түмэн байгаагүй хүмүүст «Та нар Миний ард түмэн» хэмээх бөгөөдтэд «Та бол миний Бурхан» хэмээх болно”.


Бүлэг 3

1 1. Дараа нь ЭЗЭН надад—Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, садар боловч өөрийн нөхөртөө хайрлагдсан эмийг хайрла гэв.
2 Тиймээс би арван таван шекел мөнгө, нэг омер хагас арвайгаар тэр эмийг өөртөө худалдан авсан.
3 Тэгээд би түүнд—Чи олон хоног надтай хамт байх учиртай. Чи биеэ үнэлж болохгүй, эрэгтэй хүнтэй байж болохгүй. Тийнхүү би бас чам уруу хандах болно гэв.
4 Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, эсвэл ноёнгүй, тахилгүй, эсвэл ариун баганагүй, ефодгүй, эсвэл гэрийн шүтээнгүй үлдэх болно.
5 Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, өөрсдийн Бурхан ЭЗЭН, өөрсдийн хаан Давидыг хайх болно. Эцсийн өдрүүдэд ЭЗЭНд болон Түүний сайн сайхан уруу тэд чичрэн ирэх болно.


Бүлэг 4

1 1. Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун.Учир нь ЭЗЭНд энэ газрын оршин суугчдын эсрэг зарга байна.Яагаад гэвэл энэ газарт итгэмжит байдал, энэрэл, эсвэл Бурханыг мэдэх мэдлэг алга.
2 Энд хараал, заль мэх, аллага, хулгай ба садар самуун байна.Тэд хүчирхийллийг хөлсөлж байна.Ингэснээр цус урсгалт цус урсгалтыг дагалдах юм.
3 Тийм учраас газар нь гашуудаж,тэнд амьдрагч хүн бүр хээрийн араатнууд, огторгуйн шувуудтай хамт доройтож,далайн загаснууд бас алга болж байна.
4 Гэсэн ч хэн ч бурууг бүү олог, хэн ч бүү зэмлэг.Учир нь чиний ард түмэн тахилчтай тэмцэлдэж байгаа хүмүүс мэт юм.
5 Тиймээс чи өдрөөр бүдэрч, эш үзүүлэгч бас чамтай хамт шөнөөр бүдрэх болно.Би чиний эхийг устгана.
6 Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан.Та нар мэдлэгээс татгалзсан учир Би ч бас та нарыг Миний тахилч байхаас татгалзах болно.Та нар Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас та нарын хүүхдүүдийг мартах болно.
7 Тэд олшрох тусам, Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв.Би тэдний яруу алдрыг ичгүүрээр солино.
8 Тэд Миний ард түмний нүглээр хооллож,өөрсдийн хүслээ хууль бус байдал уруугаа чиглүүлж байна.
9 Энэ нь ард түмэн шиг, тахилч шиг байх болно.Тиймээс Би тэднийг замуудынх нь төлөө шийтгэж,тэдний үйлсийн төлөө тэдэнд хариу төлөх болно.
10 Тэд идэх боловч ханахгүй.Тэд биеэ үнэлэх боловч олшрохгүй юм.Учир нь тэд ЭЗЭНд анхаарал хандуулахаа больжээ.
11 Завхайрал, дарс ба шинэ дарс нь ухааныг алдуулдаг билээ.
12 Миний ард түмэн модон шүтээнтэйгээ зөвлөж,тэдний ид шидтэний дохиур нь тэдэнд мэдүүлдэг.Учир нь завхайрлын сүнс тэднийг төөрүүлж,тэд Бурханаасаа хагацан, биеэ үнэлжээ.
13 Тэд уулсын оргил дээр тахилууд өргөн,толгод дээр, эсвэл царс, улиас, теребинт моддын сүүдэр нь тааламжтай учраас тэдгээрийн доор утлага уугиулж байна.Тийм учраас танай охид биеэ үнэлж, танай бэрүүд садарлаж байна.
14 Танай охидыг биеэ үнэлж байхад нь, эсвэл танай бэрүүдийг садарлаж байхад нь Би шийтгэхгүй.Учир нь эрчүүд өөрсдөө янхнуудын хамт салж яван, сүмийн янхнуудтай хамт тахилууд өргөдөг билээ.Тиймээс ухаангүй ард түмэн сөнөсөн.
15 Израиль аа, хэдийгээр чи биеэ үнэлдэг ч Иудаг бүү буруутан болго.Мөн Гилгал уруу явж болохгүй, Бет-авен уруу гарч болохгүй.“ЭЗЭНий амьд буйгаар тангараглая” хэмээн тангараглаж болохгүй.
16 Израиль нь зөрүүд бяруу шиг зөрүүд юм болохоор ЭЗЭН тэднийг одоо уудам бэлчээр дэх хурга шиг хариулж чадах уу?
17 Ефраим нь шүтээнүүдтэй нэгджээ.Түүнийг зөнгөөр нь орхи.
18 Тэдний согтууруулах ундаа нь дуусахад тэд үргэлжлүүлэн биеэ үнэлдэг.Тэдний бамбайнууд нь ичгүүрийг нандигнан хайрладаг юм.
19 Салхи тэднийг жигүүр дотроо ороож,тэд өөрсдийн тахилуудаасаа болж ичих болно.


Бүлэг 5

1 1. Тахилч нар аа, үүнийг сонс!Израилийн гэр ээ, анхаарал тавигтун!Хааны гэр ээ, сонсогтун! Учир нь шүүлт нь та нарт хэрэгжих болно.Яагаад гэвэл та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор байжээ.
2 Босогчид завхралдаа гүн орсон боловч Би тэднийг бүгдийг нь жанчих болно.
3 Би Ефраимыг мэддэг бөгөөд Израиль Надаас нуугдаж чадахгүй.Одоо Ефраим аа, чи биеэ үнэлсэн, Израиль өөрийгөө бузарласан.
4 Тэдгээрийн үйлдэл нь тэднийг өөрсдийнхөө Бурхан уруу эргэн явахыг зөвшөөрөхгүй.Учир нь завхайрлын сүнс тэдний дотор байгаа.Тэд ЭЗЭНийг мэддэггүй.
5 Түүгээр ч барахгүй Израилийн бардамнал нь өөрийнхөө эсрэг гэрчилдэг.Израиль, Ефраим өөрсдийнхөө хууль бус байдал дотор бүдэрдэг.Иуда ч гэсэн тэдэнтэй хамт бүдэрчээ.
6 Тэд ЭЗЭНийг хайхаар өөрсдийн хонин сүрэг, үхэр сүргийн хамт явах боловч олохгүй.Тэр тэднээс нэгэнт холдчихсон.
7 Тэд ЭЗЭНий эсрэг урвасан.Учир нь тэд бутач хүүхдүүдийг төрүүлжээ.Одоо шинэ сар тэднийг нутагтай нь хамт цөлмөх болно.
8 Гибеад эврийг, Рамад бүрээг үлээ.Бет-авенд “Бениамин аа, чиний хойно байна” гэж түгшүүр зарла.
9 Зэмлэлийн өдөрт Ефраим нь эзгүйрнэ.Израилийн овгуудын дунд тогтоогдсон зүйлийг Би тунхаглана.
10 Иудагийн ноёд нь хил хязгаарыг хөдөлгөгчид мэт болжээ.Тэдний дээр Би Өөрийн уур хилэнг ус мэт цутгах болно.
11 Ефраим нь дарлагдсан бөгөөд шүүлтэд бяцлагдсан.Учир нь тэрээр хүний тушаалыг дагахаар шийджээ.
12 Тэгэхээр Би Ефраимд дэнгийн эрвээхий мэт, Иудагийн гэрт ялзрал мэт билээ.
13 Ефраим нь өөрийн өвчнийг, Иуда нь өөрийн шархыг үзээд,Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээжээ.Харин тэр чамайг эдгээж, чиний шархыг эмчилж чадахгүй.
14 Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт,Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно.Би, зөвхөн Би хэсэгчин тастчиж, явна.Би авч явахад, хэн ч аварч чадахгүй.
15 Тэд буруугаа хүлээн зөвшөөрч, Миний царайг хайх хүртэл нь Би явж, Өөрийн газар уруу буцаж очно.Зовлон дотроо тэд Намайг хичээнгүйлэн хайх болно.


Бүлэг 6

1 1. Ирэгтүн, ЭЗЭН уруу буцацгаая.Учир нь Тэр биднийг тастсан боловч Тэр биднийг эдгээх болно.Тэр биднийг шархдуулсан боловч Тэр биднийг боож өгөх болно.
2 Хоёр хоногийн дараа Тэр биднийг амилуулах болно.Биднийг Түүний өмнө амьдруулахын тулд гурав дахь өдөрт Тэр биднийг босгох болно.
3 Тиймээс мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая.Түүний ирэх нь үүр цайхын адил гарцаагүй.Тэр бидэн дээр бороо мэт, газрыг услах хаврын бороо мэт ирнэ.
4 Ефраим аа, Би чамайг яах вэ?Иуда аа, Би чамайг яах вэ?Учир нь та нарын хайр энэрэл чинь өглөөний манантай адил ба эртлэн алга болдог шүүдэртэй адил юм.
5 Тиймээс Би эш үзүүлэгчдээр дамжуулж тэднийг хэсэгчин цавчсан.Би Өөрийн амны үгээр тэднийг алсан.Та нарын дээрх шүүлт нь цахилах аянга мэт юм.
6 Учир нь Би тахилаас илүүгээр хайр энэрэлд,шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгт баярладаг.
7 Харин тэд гэрээг Адам шиг зөрчив.Тэнд тэд Миний эсрэг урвасан.
8 Гилеад бол цуст мөрийг үлдээж байдаг бурууг үйлдэгчдийн хот юм.
9 Хүн отдог дээрэмчид шиг, тахилч нарын бүлэглэл Шехем уруу явах замд хүн алдаг.Үнэхээр тэд гэмт хэргийг үйлджээ.
10 Израилийн гэр дотор Би жигшмээр зүйлийг харсан.Ефраимын завхайрал нь тэнд байгаа бөгөөд Израиль ч өөрийгөө бузарлав.
11 Мөн Иуда аа, Би Өөрийн ард түмний хувь заяаг сэргээх үед чамд зориулагдсан ургац тэнд бий.


Бүлэг 7

1 1. Би Израилийг эмчлэх үед Ефраимын хууль бус байдлууд болон Самарийн хорон муу үйлдлүүд ил гаргагдана.Учир нь тэд хуурамчаар үйлджээ.Хулгайч дотогшоо орж, танхайчууд гадна талд дээрэм хийнэ.
2 Би тэдний бүх хилэнцийг санаж байгаа гэдгийг тэд зүрхэндээ эргэцүүлдэггүй.Одоо тэдний үйлдлүүд өөрсдийг нь тойрон хүрээлж байна.Тэд Миний нүүрний өмнө байна.
3 Хилэнцэт байдлаараа тэд хааныг баярлуулж,заль мэхээрээ тэд ноёдыг цэнгүүлнэ.
4 Зуурсан гурил нь нухагдаад исэх хүртэл нь галаа хөдөлгөхгүй байгаа талх баригчийн халаасан зуух шигТэд бүгд садарлагчид юм.
5 Манай хааны өдөрт ноёд нь дарсанд цохиулан, өвчтэй болцгоов.Тэр тохуурхагчидтай хамт гараа сунгадаг.
6 Тэд хуйвалдаанаа хэрэгжүүлэх үед тэдний зүрх нь зуух мэт байх ажээ.Тэдний уур нь шөнөжин дүрэлзэж, өглөө болоход бадарсан гал мэт шатдаг.
7 Тэд бүгд зуух мэт халуун бөгөөд өөрсдийн захирагчдыг түймэрддэг.Тэдний бүх хаад нь унасан бөгөөд тэдгээрийн хэн нь ч Намайг дууддаггүй.
8 Ефраим нь өөрийгөө ард түмнүүдтэй хольсон.Ефраим нь эргүүлэгдээгүй талх мэт болжээ.
9 Харийнхан түүний хүч чадлыг цөлмөх боловч тэрээр үүнийг мэддэггүй.Мөн өөр дээр нь буурал үс цацагдсан байхад ч тэр үүнийг мэддэггүй.
10 Хэдийгээр Израилийн бардамнал нь өөрийнхөө эсрэг гэрчилдэг боловчтэд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу буцаж ирсэнгүй.Энэ бүгдийн төлөө Түүнийг хайсан ч үгүй.
11 Тиймээс Ефраим нь ухаангүй тэнэг тагтаа мэт болжээ.Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явдаг.
12 Тэднийг явмагц Би тороо тэдний дээр хаях болно.Би тэднийг огторгуйн шувууд мэт доош буулгана.Чуулгандаа тунхагласных нь дагуу Би тэднийг жанчих болно.
13 Надаас зугтан тэнэсэн тул тэд гаслантай яа!Тэд Надаас урвасан учир сүйрэл нь тэднийх билээ!Би тэднийг авармаар байсан ч тэд Миний эсрэг худал ярьдаг.
14 Орондоо гасалж байхдаа ч тэд зүрхнээсээ Над уруу хашхирдаггүй.Үр тариа, шинэ дарсны төлөө тэд өөрсдийгөө цуглуулж, Надаас эргэн холджээ.
15 Хэдийгээр Би тэдний гарыг дасгалжуулан тэнхрүүлсэн боловч тэд Миний эсрэг хорон мууг сэддэг.
16 Тэд эргэсэн боловч дээш ханддаггүй.Тэд хуурамч нум мэт байна.Тэдний ноёд нь хэл амныхаа ичгүүргүй байдлаас болж илдэнд унах болно.Энэ нь Египет газарт тэдний доог тохуу болох юм.


Бүлэг 8

1 1. Уруулдаа бүрээг ойртуул!Тэд Миний гэрээг зөрчиж, Миний хуулиас урвасан учир ЭЗЭНий гэрийн эсрэг дайснууд бүргэд мэт ирж байна.
2 Тэд Над уруу “Миний Бурхан, Израилийнх болох бид Таныг мэднэ” гэж хашхирч байна.
3 Израиль нь сайнаас татгалзсан. Дайсан тэднийг хөөх болно.
4 Тэд хаадыг залсан ч Надаас гарсангүй.Тэд ноёдыг томилсон ч, Би үүнийг мэдсэнгүй.Өөрсдийн мөнгө, алтаар өөрсдөдөө зориулж шүтээнүүдийг бүтээсэн ч тэд сөнөнө.
5 Самари аа, Тэр та нарын тугалыг хүлээн зөвшөөрөхгүй,“Миний уур тэдний эсрэг шатна” хэмээсэн.Тэд хэдий хүртэл ариусах чадваргүй байх вэ?
6 Энэ нь хүртэл Израилиас гарсан билээ!Дархан үүнийг хийсэн болохоор энэ бол Бурхан биш.Үнэхээр Самарийн тугал нь бутран эвдрэх болно.
7 Учир нь салхийг тарьдаг тэд хуй салхийг хурааж авдаг.Босоо тариа нь ямар ч түрүүгүй. Энэ нь буудайг боловсруулж чаддаггүй.Боловсруулсан ч харийнхан түүнийг нь залгих болно.
8 Израиль нь залгигдлаа.Тэд одоо хэнд ч таалагддаггүй сав мэт үндэстнүүдийн дунд байна.
9 Учир нь тэд орь ганц хулан мэт, Ассири уруу явжээ.Ефраим нууц амрагуудыг хөлсөлжээ.
10 Хэдийгээр тэд үндэстнүүдийн дунд биеэ худалдсан боловч,одоо Би тэднийг цуглуулах болно.Ноёдын хааны дарлалаас болж тэд багасаж эхлэх болно.
11 Ефраим нь нүглийн төлөөх тахилын ширээнүүдийг олшруулсан тултэдгээр нь түүний төлөөх нүгэл үйлдэхийн тахилын ширээнүүд болжээ.
12 Түүний төлөө Би Өөрийн хуулийн арван мянган заавруудыг бичиж өгсөн боловчтэдгээр нь гаднын зүйлс мэт тооцогджээ.
13 Миний өргөлийн бэлгүүдийн хувьд гэвэл, тэд махыг тахиж, түүнийгээ иддэг.Гэвч ЭЗЭН түүнд нь ер баярлахгүй.Одоо Тэр тэдний хууль бус явдлыг санаж, нүглийнх нь төлөө тэднийг шийтгэх болно.Тэд Египет уруу буцан явна.
14 Учир нь Израиль өөрийн Бүтээгчийг мартаж, орднуудыг барьж байгуулсан.Иуда ч бэхлэгдсэн хотуудыг олшруулсан боловч,Би түүний хотууд уруу галыг илгээх болно.Тэр гал нь түүний тансаг орон байруудыг түймэрдэх болно.


Бүлэг 9

1 1. Израиль аа, та нар ард түмнүүдийн адил хөөр баярт бүү баяс!Учир нь чи өөрийн Бурханаа орхин завхайрсан.Чи бүх л үтрэм дээр янхны хөлсийг хайрлав.
2 Үтрэм, дарс шахагч нь тэднийг тэжээхгүй бөгөөд шинэ дарс тэдэнд хүрэхгүй.
3 Тэд ЭЗЭНий газарт үлдэхгүй.Харин Ефраим нь Египет уруу буцан явж,Ассирид тэд бузар хоол идэх болно.
4 Тэд ЭЗЭНд зориулж ундаан өргөлийг цутгахгүй ба тэдний тахилууд нь Түүнд таалагдахгүй.Тэдний талх нь гашуудагсдын талх мэт байх бөгөөдтүүнээс идэгчид бүгд бузарлагдах болно.Учир нь тэдний талх нь зөвхөн өөрсдийнх нь төлөө байх бөгөөд ЭЗЭНий гэрт орохгүй.
5 Товлогдсон наадмууд ба ЭЗЭНий найрын өдөрт та нар юу хийх вэ?
6 Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явах болно.Египет нь тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна.Тэдний мөнгөн эрдэнэсийг хогийн ургамал эзлэн авч,тэдний майхнууд үүргэнээр дүүрэх болно.
7 Шийтгэлийн өдрүүд ирсэн бөгөөд залхаан цээрлүүлэх өдрүүд ч иржээ.Үүнийг Израильд мэдүүл!Та нарын хууль бус явдлын балиараас,та нарын үлэмж дайсагналын улмаас эш үзүүлэгч нь тэнэг,сүнслэг хүн нь галзуу болжээ.
8 Ефраим нь миний Бурхантай хамт харуул ба эш үзүүлэгч байсан.Гэвч шувуу баригчийн урхи нь түүний бүх замууд дээр байх бөгөөдтүүний Бурханы гэрт зөвхөн дайсагнал байна.
9 Гибеагийн өдрүүдийнхтэй адил тэд завхралд гүн оржээ.Тэр тэдний хууль бус явдлыг санаж, тэдний нүглүүдийг шийтгэх болно.
10 Би Израилийг цөл дэх усан үзэм мэт олсон.Би та нарын өвөг дээдсийг анхны улирал дахь инжрийн модон дээрх анхны жимс мэт харсан.Гэвч тэд Баал-пеорт ирж, өөрсдийгөө ичгүүрт зориулж,хайрласан юмс шигээ жигшүүртэй болжээ.
11 Ефраимын хувьд гэвэл, тэдний яруу алдар нь шувуу мэт нисэн одох болж,Төрөлт ч үгүй, тээлт ч үгүй, жирэмслэлт ч үгүй болно!
12 Тэд өөрсдийн хүүхдүүдээ өсгөх боловч Би нэг ч хүнгүй болтол нь тэднийг хагацаана.Тийм ээ, үнэхээр Би тэднээс салах үед тэдэнд гай зовлон учраг!
13 Миний харснаар Ефраим нь Тиртэй адил үзэсгэлэнт нугад суулгагдсан билээ.Гэвч Ефраим нь хүүхдүүдээ алуурчинд гарган өгнө.
14 ЭЗЭН, Та өгөх юмаа тэдэнд өгөөч.Тэдэнд үр тогтдоггүй умай, хар дэлэнг өгөөч.
15 Тэдний бүх бузар муу нь Гилгалд байна.Үнэхээр, Би тэднийг тэнд үзэн ядахаар ирсэн билээ!Тэдний үйлсийн хорон муугаас болж Би тэднийг Өөрийн гэрээс хөөн гаргана.Би тэднийг цаашид хайрлахгүй.Тэдний бүх ноёд нь тэрслэгчид билээ.
16 Ефраим нь цавчигдсан.Тэдний үндэс нь хувхайрсан бөгөөд тэд ямар ч жимс гаргахгүй.Тэд үр хүүхэд тээх боловч, Би тэдний хэвлийн үнэт нэгнүүдийг алах болно.
17 Миний Бурхан тэднийг зайлуулах болсны учир нь тэд Түүнийг сонсоогүй юм.Тэд үндэстнүүдийн дунд тэнүүчлэгчид байх болно.


Бүлэг 10

1 1. Израиль бол саглагар усан үзмийн мод юм.Тэр өөртөө зориулан үр жимсийг гаргадаг.Түүний жимс ихсэх тусам тэр илүү их тахилын ширээнүүдийг бүтээв.Түүний газар нутаг элбэг дэлбэг болох тусам тэрээр ариун баганануудыг илүү сайнаар босгов.
2 Тэдний зүрх нь итгэлгүй.Одоо тэд өөрсдийн гэм бурууг үүрэх ёстой.ЭЗЭН тэдний тахилын ширээнүүдийг нурааж, ариун баганануудыг нь эвдэх болно.
3 Үнэхээр одоо тэд “Бид ЭЗЭНийг хүндэтгэдэггүй учраас бидэнд хаан байхгүй.Хааны хувьд гэвэл, тэр бидний төлөө юу хийж чадах вэ?” хэмээх болно.
4 Тэд зөвхөн үгийг л хэлж байна.Зохисгүй тангаргуудаар тэд гэрээнүүд байгуулдаг.Шүүлт нь, тариан талбайн шан дахь хортой зэрлэг ургамал шиг соёолж байна.
5 Самарийн оршин суугчид Бет-авены тугалаас болж айх болно.Тэндхийн ард түмэн үнэхээр тэр шүтээний төлөө гашуудаж,шүтээний тахилч нар нь түүний төлөө болон тэднээс нэгэнт салж одсон түүний алдрын төлөө уйлалдах болно.
6 Тэр зүйл нь өөрөө алба гувчуур болж Ассири уруу Иареб хаан уруу аваачигдана.Ефраим ичгүүрт баригдан, Израиль нь өөрийн зөвлөгөөнөөс болж ичгүүрийг хүртэнэ.
7 Самари нь усны мандал дээрх мөчир мэт хаантайгаа хамт тайрагдах болно.
8 Бас Израилийн нүгэл болох Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно.Тэдний тахилын ширээнүүд дээр үүргэнэ, халгай ургана.Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмөр” гээд,толгодод хандан “Бидэн дээр уна” хэмээн хэлэх болно.
9 Израиль аа, Гибеагийн өдрүүдээс эхлэн чи нүгэл үйлджээ.Тэнд тэд зогсдог.Хууль бус явдлын хөвгүүдийн эсрэг тулаан нь Гибеад тэдэнд учрахгүй гэж үү?
10 Хүссэн үедээ Би тэднийг жанчина.Тэд өөрсдийн хоёр гэмийн төлөө хүлэгдэх үед ард түмнүүд ч тэдний эсрэг цугларах болно.
11 Ефраим нь тариа цохих дуртай бярууг бэлтгэжээ.Гэвч Би түүний сайхан хүзүүнд буулгыг тохно.Би Ефраимыг морин тэргэнд хөллөж,Иуда нь газар хагалж, Иаков нь өөртөө зориулан борнойдох болно.
12 Зөв шударгыг тариалж, энэрэнгүйгээр хурааж ав.Боловсруулаагүй газраа хагал.Учир нь ЭЗЭН чиний дээр зөв шударгыг асгахаар ирэх хүртэл Түүнийг хайх цаг нь одоо билээ.
13 Та нар хорон мууг хагалан, шударга бусыг хурааж авсан.Та нар худлын жимсийг идсэн.Учир нь та нар өөрсдийн арга зам, өөрсдийн тоо томшгүй дайчдад итгэсэн тул
14 танай ард түмний дунд хөл үймээн дэгдэнэ.Шалман нь Бет-арбелыг сүйтгэсэн өдөр шиг та нарын бүх бэхлэлт сүйтгэгдэх болно.Тэр өдөр эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт хэмх бяцлагдсан.
15 Тийнхүү та нарын агуу хилэнцэт явдлын чинь төлөө эдгээр зүйлс нь та нарт үйлдэгдэх болно.Үүрийн гэгээнээр Израилийн хаан бүрэн таслагдах болно.


Бүлэг 11

1 1. Израилийг залуу байх үед Би түүнийг хайрлан,Өөрийн хүүг Египетээс дуудан гаргасан.
2 Тэд тэднийг дуудах тусам тэд тэднээс улам холдсон.Тэд Баалуудад тахил өргөсөөр, шүтээнүүдэд утлага уугиулсаар байсан.
3 Гэвч Ефраимд алхахыг зааж өгсөн нэгэн бол Би билээ.Би тэднийг мутартаа авсан. Гэвч Би тэднийг эдгээснийг тэд мэдээгүй.
4 Би тэднийг хүний оосроор, хайрын уяагаар дагуулсан.Би тэдний хувьд эрүүнээс нь буулгыг өргөн хаядаг нэгэнтэй адил болсон.Би тонгойж, тэднийг хооллосон.
5 Тэд Египет газар уруу эргэж явахгүй.Гэвч тэд Над уруу эргэхээс татгалзсан учир Ассири нь тэдний хаан байх болно.
6 Илд нь тэдний хотуудын эсрэг эргэлдэж,тэдний даамангийн хаалтуудыг нурааж,тэдний зөвлөгөөнөөс болж тэднийг түймэрдэх болно.
7 Тийнхүү Миний ард түмэн Надаас урвах сонирхолтой болсон.Хэдийгээр тэд дээр байгаа Нэгэн уруу тэднийг дууддаг боловч хэн ч Түүнийг ердөө өргөмжлөхгүй байна.
8 Ефраим аа, Би чамайг хэрхэн орхих вэ?Израиль аа, Би чамайг хэрхэн дайсанд тушаах вэ?Би чамайг хэрхэн Адма шиг болгох вэ?Би чамд хэрхэн Зебоим шиг хандах вэ?Зүрх минь Миний дотор бүрэн эргэж, Миний бүхий л энэрэл ноцсон байна.
9 Би Өөрийн догшин уураа гүйцэлдүүлэхгүй.Би дахин Ефраимыг сүйтгэхгүй.Учир нь Би бол хүн бус, харин Бурхан юм. Би бол та нарын дунд буй Ариун Нэгэн бөгөөд Би хилэгнэл дотор ирэхгүй.
10 Тэд ЭЗЭНий араас алхах бөгөөд Тэр арслан мэт архирах болно.Үнэхээр Тэр архирч, Түүний хөвгүүд нь баруун зүгээс чичирсээр ирэх болно.
11 Египетээс ирэх шувууд мэт, Ассири газраас ирэх тагтаа мэт тэд чичирсээр ирэх болно.Би тэднийг өөрсдийнх нь байшингуудад суулгах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.
12 Ефраим нь Намайг худал үгээр хүрээлж, Израилийн гэр нь заль мэхээр тойруулж байна.Иуда ч бас Бурханы эсрэг, итгэмжит Ариун Нэгэнд дуулгаваргүй байна.


Бүлэг 12

1 1. Ефраим салхиар хооллон, үргэлж дорнын салхийг мөшгөдөг.Тэр заль мэх ба хүчирхийллийг олшруулна.Тэр Ассиритай гэрээ байгуулж, Египет уруу тос зөөж байна.
2 ЭЗЭН бас Иудатай маргалдаж, Иаковыг өөрийнх нь замуудын дагуу шийтгэнэ.Тэр түүний үйлдлүүдийн дагуу түүнд эргүүлэн төлөх болно.
3 Хэвлийд байхдаа тэр ахыгаа өсгийнөөс нь барьж,өсөн том болсны дараа Бурхантай тэмцэлдсэн.
4 Тийм ээ, тэр тэнгэр элчтэй барилдан ноёрхсон.Тэрээр уйлан Түүний тааллыг хайсан.Тэр Түүнийг Бетелд олоод тэнд Тэр бидэнтэй ярьсан.
5 Тэр нь ЭЗЭН, түмэн цэргийн Бурхан юм.Түүний нэр бол ЭЗЭН билээ.
6 Тийм учраас өөрийн Бурхан уруу буц,энэрэл ба шударга ёсыг сахиж, үргэлж Бурханаа хүлээ.
7 Гартаа хуурамч жинлүүр атгасан худалдаачин нь дарлах дуртай.
8 Ефраим нь “Үнэхээр би баян болсон. Би өөрийнхөө төлөө эд баялгийг олсон.Миний бүх хөдөлмөр дотор нүгэл хэмээн тооцогдохоор ямар ч хууль бус зүйлийг тэд надаас олохгүй” гэсэн.
9 Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсан.Товлогдсон найр наадмуудын өдрүүдийнх шиг Би та нарыг дахин майхнуудад амьдруулах болно.
10 Би бас эш үзүүлэгчдэд айлдан, үзэгдлүүдийг олшруулсан.Эш үзүүлэгчдээр дамжуулан Би сургаалт зүйрлэлүүдийг өгсөн.
11 Гилеадад хууль бус явдал байна уу?Үнэхээр тэд зохисгүй юм. Гилгалд тэд бухнуудыг тахиж байна.Тийм ээ, тэдний тахилын ширээнүүд нь тариан талбайн шангуудын хажуу дахь чулуун овоонууд шиг юм.
12 Одоо Иаков нь Арамын нутаг уруу зугтаж,Израиль эхнэрийнхээ төлөө ажилласан, эхнэрийнхээ төлөө хонин сүргийг манасан.
13 Харин эш үзүүлэгчээр дамжуулан ЭЗЭН Израилийг Египетээс гаргаж,эш үзүүлэгчээр дамжуулан тэрээр хамгаалагдсан.
14 Ефраим нь гашуун уур хилэнг өдөөн хатгасан.Тиймээс Эзэн нь түүний цусны бурууг өөр дээр нь орхиж,түүний зэмлэлийг өөрт нь буцаан өгнө.


Бүлэг 13

1 1. Ефраимыг ярихад хүмүүс чичирч байв.Тэр өөрийгөө Израильд өргөмжилсөн боловч Баалыг шүтсэнээр тэрээр бурууг үйлдэж үхсэн юм.
2 Одоо ч тэд улам бүр нүгэл үйлдэж,өөрсдөдөө зориулан мөнгөөр цутгамал хөргүүдийг хийдэг.Чадварлаг урласан шүтээнүүд дархдын гар урлал байх боловчТэд тэдэнд “Тахил өргөж байгаа хүн тугалуудыг үнсэг” гэжээ.
3 Тэгэхээр тэд өглөөний манан шиг,удахгүй алга болдог шүүдэр шиг,үтрэмээс үлээгдэн хийсдэг будааны хальс шиг, яндангаас гарах утаа шиг байх юм.
4 Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсаар байсан.Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдээгүй байсан.Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.
5 Цөлд, ган гачигтай газарт Би чамайг халамжилсан.
6 Өөрийн бэлчээртэй болмогц тэд цатгалан болсон.Цатгалан болмогц тэдний зүрх бардам болжээ.Тийм учраас тэд Намайг мартсан.
7 Тиймээс Би тэдэнд арслан шиг хандах болно.Ирвэс шиг Би замын хажууд отох болно.
8 Бамбаруушнуудаа булаалгасан баавгай шиг Би тэдэнтэй тулгарч,тэдний цээжийг нь яран тастах болно.Зэрлэг араатан тэднийг тастчихтай адил тэнд Би бас эм арслан мэт тэднийг залгина.
9 Израиль аа, чи Миний эсрэг, өөрийнхөө тусламжийн эсрэг байгаа нь чиний сүйрэл билээ.
10 “Надад хаан ба ноёдыг өгөөч” хэмээн чи хүсэмжилсэн. Чиний бүх хотод чамайг аврах чиний хаан хаана байна вэ? Шүүгчид чинь одоо хаана байна вэ?
11 Би Өөрийн уур дотор чамд хааныг өгсөн ба Өөрийн хилэн дотор түүнийг буцаан авсан.
12 Ефраимын хууль бус явдал нь хязгаарлагдаж, нүгэл нь хадгалагджээ.
13 Хүүхэд төрүүлэхийн өвдөлт түүн дээр иржээ.Тэрээр ухаантай хүү биш юм.Учир нь умай нээгдэж байхад түүний саатах цаг нь биш билээ.
14 Би тэднийг Үхэгсдийн орны хүчээс золих уу?Би тэднийг үхлээс золих уу?Үхэл ээ, чиний өргөсүүд хаана байна вэ?Үхэгсдийн орон оо, чиний хатгуур хаана байна вэ?Миний харцнаас энэрэл нууцлагдах болно.
15 Тэр хулсан дунд цэцэглэн хөгжсөн ч дорнын салхи салхилж,ЭЗЭНий салхи цөлөөс ирж байна.Түүний оргилуурууд нь ширгэж, булаг нь хатах болно.Түүний бүх л үнэт эдлэлийн эрдэнэсийн санг хоосруулна.
16 Самари Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учирБуруутайд тооцогдоно.Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх бяцлагдаж,жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчигдэх болно.


Бүлэг 14

1 1. Израиль аа, өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэ.Учир нь чи өөрийн хууль бус явдлаас болж бүдэрсэн билээ.
2 Өөртөө үгсийг аван ЭЗЭН уруу эргэ.Түүнд хандаж “Бүх гэм бурууг авч хаяад, биднийг нигүүлсэнгүйгээр хүлээн аваач.Тэгвэл бид уруулынхаа үр жимсийг өргөе.
3 Ассири нь биднийг аврахгүй, бид морь унахгүй.Бид гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин хэлэхгүй. Учир нь өнчин хүүхдүүд Таны дотор өршөөлийг олдог”.
4 Би тэдний урвалтыг эмчилж, тэднийг чөлөөтэйгөөр хайрлана.Учир нь Миний уур хилэн тэднээс холдсон юм.
5 Би Израильд шүүдэр шиг байх болно.Тэр сараана цэцэг шиг дэлбээлэн, Ливаны хуш мод шиг үндэслэнэ.
6 Түүний мөчрүүд нь нахиалж, түүний гоо үзэсгэлэн нь чидун мод шиг,түүний анхилуун үнэр нь Ливаны хуш мод шиг болно.
7 Түүний сүүдэрт амьдрагсад нь дахин үр тариаг ургуулан,усан үзмийн мод шиг цэцэглэх болно.Түүний алдар нэр нь Ливаны усан үзмийн дарс шиг байх болно.
8 Ефраим аа, Би шүтээнүүдтэй ямар хамаатай вэ?Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ.Би бол саглагар нарстай адил юм. Надаас чиний үр жимс гарна.
9 Ухаантай хэн боловч эдгээр зүйлсийг ойлго.Гярхай нэгэн эдгээрийг мэдэг.Учир нь ЭЗЭНий замууд зөв юм.Шударга зөв нь түүгээр алхаж, харин нүгэлтнүүд түүнд бүдрэх болно