2 Петр

Бүлэг: 1 2 3


-Reset+

Бүлэг 1

1 1. Есүс Христийн боол бөгөөд элч болох Симон Петр би бидний Бурхан ба Аврагч болох Есүс Христийн зөвт байдлаар биднийхтэй ижил үнэтэй итгэлийг хүлээн авсан хүмүүст илгээв.
2 Бурхан болон бидний Эзэн Есүсийг мэдсэнээр та нарт нигүүлсэл ба амар амгалан улам арвин болохыг ерөөе.
3 Өөрийнхөө алдар ба давуу чанараар биднийг дуудсан Түүний жинхэнэ мэдлэгээр дамжуулан Түүний бурханлаг хүч бидэнд амь болоод сүсэглэлд хамаатай бүхнийг соёрхсон.
4 Эдгээрээр дамжуулан Тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа соёрхсон. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас ангижирснаар бурханлаг мөн чанарын хуваалцагч болох юм.
5 Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн давуу байдлыг, сайн давуу байдал дээрээ мэдлэгийг,
6 мэдлэг дээрээ өөрийгөө захирах байдлыг, өөрийгөө захирах байдал дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ сүсэглэлийг,
7 сүсэглэл дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга.
8 Хэрэв та нарт эдгээр чанарууд байгаа бөгөөд улмаар нэмэгдсээр байвал, эдгээр нь бидний Эзэн Есүс Христийг мэдэхэд та нарыг үр ашиггүй, үр жимсгүй байлгахгүй.
9 Эдгээр чанаруудаар дутагддаг хүн бол урьдын нүглүүдээсээ цэвэршсэнээ мартсан, сохор, эсвэл богино бодолтой нэгэн юм.
10 Тиймээс ах дүү нар аа, Түүний та нарыг дуудан, сонгосныг бататгахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж л байвал хэзээ ч бүдрэхгүй.
11 Ингэснээр бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн мөнх хаанчлал уруу хангалттай орох болно.
12 Тиймээс хэдийгээр та нар эдгээр зүйлсийг мэдэх бөгөөд эдүгээ өөрсдөд чинь байгаа үнэн дотор батажсан байлаа ч гэсэн би та нарт эдгээрийг сануулахад ямагт бэлэн байх болно.
13 Би энэхүү асар дотор байх цагтаа та нарыг сануулгаар сэрээхээ би зөв гэж үзэж байна.
14 Ингэхдээ бидний Эзэн Есүс Христийн надад тодорхой болгосончлон, би удахгүй асраа тайлахаа мэдэж байна.
15 Намайг одсоны дараа та нар ямар ч үед эдгээр зүйлийг санах чадвартай байгаасай гэсэндээ би бас хичээх болно.
16 Бид өөрсдийн Эзэн Есүс Христийн хүч чадал болоод Түүний ирэх тухай та нарт мэдүүлэхдээ ухаалгаар зохиогдсон үлгэр домгуудыг дагаагүй, харин бид Түүний сүр жавхланг нүдээр гэрчлэгчид байсан.
17 Учир нь Түүнийг Эцэг Бурханаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед Сүр Жавхлант Алдараас “Энэ бол Миний хайртай Хүү. Түүнд Миний таалал оршдог” гэсэн дуу гарав.
18 Бид Түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа тэнгэрээс гарсан энэ дууг сонссон билээ.
19 Бид илүү баттай болгогдсон эш үзүүллэгийн үгтэй. Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд тань гийх хүртэл, харанхуй газарт гэрэлтэж буй дэнлүүг анхаарах мэт та нар түүнд анхаарал тавихдаа сайн байдаг.
20 Судрын нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтүн.
21 Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.


Бүлэг 2

1 1. Харин хуурамч эш үзүүлэгчид хүмүүсийн дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, өөрсдийнхөө дээр түргэн сүйрлийг авчран, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна.
2 Олон хүн тэдний тачаангуй явдлыг дагах бөгөөд тэднээс болж үнэний зам муугаар хэлүүлэх болно.
3 Тэд шуналдаа худал хуурмаг үгсээр та нарыг ашиглана. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, тэдний сүйрэл унтчихаагүй байна.
4 Учир нь хэрэв Бурхан нүгэл үйлдсэн тэнгэр элч нарыг хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэлийн төлөө хадгалсан бол,
5 эртний ертөнцийг хэлтрүүлэлгүй, харин бурханлаг бус хүмүүсийн ертөнц дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг өөр долоон хүний хамт хамгаалсан бол,
6 хожмын бурханлаг бус хүмүүст жишээ болгохын тулд Содом ба Гоморрагийн хотуудыг үнсэн товрог болгосноор ялласан бол,
7 ёс зарчимгүй хүмүүсийн садар самуун явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол,
8 (учир нь тэрхүү зөвт хүн тэдний дунд амьдрах зуураа өөрийн харж, сонссон тэдний ёс бус явдлаас болж зөвт сэтгэл нь өдрөөс өдөрт шаналан зовж байлаа)
9 бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэддэг.
10 Ялангуяа ялзарсан хүсэл тачаалд махан биеэ өөгшүүлдэг, эрх мэдлийг үл тоомсорлодог хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэднэ.Эрэмгий, дур зоргоороо авирлагч тэд тэнгэрлэг сүр хүчийг доромжлохдоо айн чичирдэггүй.
11 Сүр хүч болоод хүч чадлаар агуу тэнгэр элч нар Эзэний өмнө тэдний эсрэг доромжлолын шүүлтийг авчирдаггүй.
12 Харин тэдгээр нь баригдаж устгагдахын тулд л зөнгөөрөө байдаг адгуус болон төрж байдаг ухаангүй адгуус шиг мэддэггүй зүйлээ доромжлон тэдгээр адгууснуудтай адил мөн устгагдана.
13 Ингэхдээ тэд буруу үйлийнхээ төлөөст зовдог. Өдрийн цагаар наргиж, цэнгэхийг тэд жаргал хэмээн тооцдог байна. Толбо, өө сэв бүхий тэд та нартай хамт найрлахдаа өөрсдийн хуял тачаалдаа цэнгэдэг.
14 Нүд нь завхайрлаар дүүрэн бөгөөд тэд нүгэл үйлдэхээ хэзээ ч больдоггүй. Тэд тогтворгүй сэтгэлтэнгүүдийг уруу татдаг бөгөөд шуналд дадлагажсан зүрхтэй хараалын хүүхдүүд юм.
15 Тэд зөв шулуун замыг умартан, зөвт бус байдлын хөлсийг хайрлагч Беорын хүү Балаамын замыг даган төөрөлджээ.
16 Гэвч Балаам үйлдсэн гэм нүгэлдээ зэмлэл хүртсэн билээ. Хэлгүй илжиг хүний дуугаар ярьж, тэр эш үзүүлэгчийн солиорлыг номхтгосон аж.
17 Тэд бол усгүй булаг, шуурганд туугдах манан будан юм. Тас харанхуй нь тэдний төлөө бэлтгэгджээ.
18 Учир нь тэд хоосон ихэрхэг үгсийг ярьж, алдаа төөрөгдөл дотор амьдардаг нэгнээс арай ядан зугтдаг хүмүүсийг махан биеийн хүсэл, тачаалаар уруу татдаг бөгөөд
19 хүмүүст эрх чөлөөг амладаг атлаа өөрсдөө ялзралын боол билээ. Учир нь хүн юунд дийлдэнэ, түүгээрээ боолчлогддог ажээ.
20 Хэрэв тэд ертөнцийн бузар бусармагаас Эзэн ба Аврагч Есүс Христийн мэдлэгээр ангижирсныхаа дараа тэдгээрээр дахин урхидуулан дийлдвэл тэдний хувьд сүүлчийн байдал нь эхнийхээсээ бүр дордох болно.
21 Учир нь зөвт байдлын замыг мэдээд, өөрсдөд нь өгөгдсөн ариун тушаалуудаас нүүр буруулан эргэснээс энэ замыг мэдээгүй байсан нь тэдэнд дээр байх байсан.
22 Тэдний хувьд “Нохой бөөлжсөө долоодог, гахайг угаасны дараа шаварт буцаж хөлбөрдөг” хэмээх үнэн сургаалт үгийн дагуу тохиолдсон аж.


Бүлэг 3

1 1. Хайртууд минь, эдүгээ би хоёр дахь захидлаа та нарт бичиж байна. Тэдгээрийн дотор би сануулгаар та нарын чин сэтгэлийн бодол санааг сэргээж байгаа нь
2 ариун эш үзүүлэгчдээр урьдаас хэлүүлсэн үгс болоод танай элч нараар уламжлагдсан Эзэн ба Аврагчийн тушаалыг та нарт сануулахын тулд юм.
3 Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно.
4 Мөн тэд “Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсан цагаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ” хэмээнэ.
5 Бурханы үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас гараад усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог.
6 Тэр үед ертөнц усан галавт автан, усаар устгагдсан аж.
7 Харин өнөөгийн тэнгэр болоод газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, бурханлаг бус хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдрийн төлөө хадгалагдаж байна.
8 Харин, хайртууд минь, Эзэний хувьд, нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт байдаг нь та нараас бүү нууцлагдаг.
9 Эзэн удаашралыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг Өөрийнхөө амлалтад хойрго биш билээ. Харин ч Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэн та нарт тэвчээртэй ханддаг.
10 Гэвч Эзэний өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана.
11 Хэрэв энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба сүсэглэл дотор та нар ямар төрлийн хүмүүс байх ёстой вэ?
12 Бурханы өдрийн ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, халуун илчинд нь бодисууд хайлах болно.
13 Харин Түүний амлалтын дагуу бид зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн байна.
14 Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн.
15 Бидний хайрт ах Паул өөрт нь өгөгдсөн мэргэн ухааны дагуу та нарт бичсэнчлэн бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц.
16 Тэрчлэн түүний бүх захидалд эдгээрийн талаар бичсэн юм. Захидлуудад нь ойлгоход хэцүү зарим зүйл байдаг бөгөөд харанхуй мунхаг, туйлбаргүй хүмүүс Судрын бусад зүйлсийг ч гуйвуулдаг шигээ тэдгээрийг мушгин гуйвуулж өөрсдийгөө сүйрүүлдэг.
17 Тиймээс хайртууд минь, та нар үүнийг урьдаас мэдэж, өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүй хүмүүсийн төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа алдчих вий.
18 Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөрт аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен.